“Шүүхэд итгэх итгэл” судалгааны дүнг танилцууллаа


 

"Иргэдийн шүүхэд итгэх итгэл” судалгааны дүнг өнөөдөр "Хөгжлийн эрэлд” ХХК-ийн судалгааны багийн судлаач Б.Амарсайхан, С.Амаржаргал, А.Нямдорж нар "Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, танилцууллаа.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн талаар иргэд олон нийт ямар бодолтой байгаа талаар болон шүүхийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгааг тандаж мэдэх зорилгоор хөндлөнгийн судалгааны байгууллагаар хийлгэсэн энэхүү судалгаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 3290 иргэн хамрагдсан байна. Судалгаанд оролцсон иргэдийн 67,1 хувь нь Шүүхийн шинэтгэлийн үйл явцыг дэмжиж байгаа гэсэн бол 8,3 хувь нь дэмжихгүй байна, 24,6 хувь нь мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ. Харин иргэдийн шүүхэд итгэх итгэлийн хувьд судалгаанд оролцогчдын 60,6 хувь шүүхэд итгэдэг, 14,1 хувь мэдэхгүй, 25,6 хувь нь итгэдэггүй гэдэг хариултыг өгсөн байна. 


 Иргэдийн шүүхэд итгэх итгэл хот болон хөдөөд харилцан адилгүй байгааг ч судалгааны багийнхан онцолж байлаа. Тухайлбал нийслэлээс судалгаанд оролцсон иргэдийн шүүхэд итгэх итгэл 55,0 хувьтай байсан бол хөдөө орон нутгаас судалгаанд оролцсон иргэдийн 63,0 хувь нь шүүхэд итгэдэг гэсэн байна. Харин Шүүгчид нөлөөлөх оролдлога ихэнхдээ хаанаас гардаг вэ гэсэн асуултад нийслэлээс оролцогчид эрх бүхий албан тушаалтнаас гардаг гэж 100 хувь хариулсан бол хөдөө орон нутгаас оролцогчид 46,7 хувь нь эрх бүхий албан тушаалтан, 26,7 хувь нь хэргийн оролцогч нараас, 23,5 хувь нь найз нөхөд, хамаатан садангаас гардаг гэсэн хариулт өгсөн талаар судлаач Б.Амарсайхан танилцуулсан юм. Энэ төрлийн судалгааг хөндлөнгийн судалгааны байгууллагууд өмнө нь хэд хэдэн удаа хийж байсан бөгөөд иргэдийн шүүхэд итгэх итгэл жилээс жилд өсч байгаа нь шүүхийн шинэтгэлийн үр дүн юм гэлээ. 

 

Судлаач А.Нямдорж "Монголчууд бол шүүхэд итгэдэг ард түмэн юм гэдэг нь бидний хийсэн судалгааны дүнгээс харагдаж байна. 2008 онд Нээлттэй нийгэм хүрээлэнгээс хийсэн судалгаанд оролцогчдын 23 хувь нь шүүхэд итгэдэг, 77 хувь нь огт итгэдэггүй гэсэн хариулт өгсөн байдаг. Харин бидний судалгаагаар нийт иргэдийн 60 гаруй хувь нь шүүхэд итгэдэг гэдэг хариулт өгчээ.

 

Шүүхийн захиргааны байгууллагыг тусад нь байгуулсан нь зөв шийдвэр гэж олонх үзжээ. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийг хараат бус, ил тод нээлттэй байлгах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлууд нь олон нийтэд хүрсэн байна гэдэг дүгнэлтийг бид хийж байна. Шүүхийн мэдээллийг хаанаас авдаг вэ гэсэн санал асуулгад иргэдийн олонхи нь телевиз, радио болон цахим сайтаар авдаг гэдэг хариултыг өгсөн. Мөн олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк, твиттерээр бас шүүхийн талаар мэдээлэл авдаг гэж байна. Ер нь шүүх нээлттэй болж байгаа, шүүхийн үйлчилгээ иргэдэд ойрхон болж, иргэд ч шүүхийн шинэтгэлийг дэмжиж байгаа нь энэхүү судалгаанаас харагдаж байна” гэсэн юм.



Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.