Шүүгчийн бүлгийн сургалт боллоо


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдэд эрдэм шинжилгээний судалгаа хийхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, бие даан болон бүлгээр суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 онд "Шүүгчийн бүлгийн сургалт”-ыг зохион байгуулж байна.


Шүүгчийн бүлгийн сургалтын нэгдүгээр ээлжийн сургалт "Шүүгчийн ёс зүй” сэдвийн хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 01- 05-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтад Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Одонзул, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг нар оролцов. 

Шүүгчийн бүлгийн сургалт боллоо

Тэд "Шүүгчийн ёс зүй” сэдвээр бие даан болон багаар суралцах төлөвлөгөө боловсруулж, хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцаж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачдаар удирдуулж, судалгаа, шинжилгээний ажил хийлээ.


 

Бүлгийн сургалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референтүүд, сэтгэл судлаач, судлаач-багш нар (П.Баярцэцэг, Т.Наранбат, Ш.Батболд, Л.Галбаатар) "Судалгаа шинжилгээний ажил хэрхэн хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих нийтлэг арга зүй”, "Шүүхийн сэтгэл судлал”, "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд шаардлагатай сэтгэл зүйн шинжүүд”, "Шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах”, "Эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шүүхийн шийдвэрийн тойм”, "Шүүгч хэргийн оролцогчидтой харилцах арга барил” зэрэг 6 сэдвийн хүрээнд хичээл заасан юм. 


Түүнчлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан "Шүүгчийн ёс зүй” сэдвийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг хийж, шүүгч тус бүрийн нарийвчилсан сэдвийн дагуу нэмэлт мэдээлэл өгч, санал бодлоо солилцов.


 

Сургалтад хамрагдсан шүүгчид "Шүүгчийн ёс зүй” сэдвийн хүрээнд нарийвчилсан агуулгаар өөрсдийн судалсан сэдвийн онцлог, сонгох болсон шалтгаан, асуудал, шийдвэрлэх арга замын талаар тайлангаа тавьж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн болон Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны албан хаагчдын дунд хэлэлцүүллээ. Тэд ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийллээ.

Шүүгчийн бүлгийн сургалт боллоо

Сургалтын төгсгөлд сургалтын тайлангаа хамгаалж, хэлэлцүүлсэн шүүгчид батламжаа гардан авлаа. Шүүхийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу бүлгийн сургалт нь 2017 оны 10 дугаар сарын 13-ныг хүртэл нийт 5 ээлжээр үргэлжилнэ.

Шүүгчийн бүлгийн сургалт боллоо

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.