Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2015   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид ярьж байна

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж байна

 

Олонхи хүн шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг тэтгэврийн насны хөгшчүүд, тэдгээр нь бараг шүүхэд уусчихсан, нэг талыг баримтлагчид гэж хуучинсаг дүгнэх нь бий. Шударга ёсны шалгуур, иргэдийн хяналт, нээлттэй, ил тод байдлын баталгаа болж байдгаараа шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн төлөөлөгчдийн оролцоо үлэмж ач холбогдолтой. Шүүхийн шинэтгэлийн энэ үед иргэдийн төлөөлөгчдийн үүрэг оролцоог онцгойлон,тэдэнд зориулсан сургалтыг шат дараалан хийж байна. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд хуулиар хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандаж, сургалтанд хамрагдаад зогсохгүй, цаашид эрх зүйн мэдлэгээ бие даан дээшлүүлэх нь бидний хариуцлага, ёс зүйн салшгүй хэсэг хэмээн ярилаа. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг Чингэлтэй дүүргийнхэнд зориулан хийж байгаатай бид таарсан юм. Ингээд Орхон аймаг болон нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн үгийг хүргэж байна.

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгч Б.Далх-Очир:

 

- Шүүхийн иргэдийн төлөөлөгч болсноор та хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

 

- Манай багаас надад иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон учраас уулзалт семинарт оролцоно уу гэсэн зар дуулгасан. Энэ дагуу сургалтанд сууж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэгтэй танилцаж, холбогдох хуулийн талаархи гарын авлага зэргийг авсан. Надтай адил 70 гаруй хүн тэнд оролцсон. Үүнээс хойш хэзээ шүүх хуралд оролцох бол гэж хүлээнгээ хууль дүрэм харж, судалж байгаад 2015 оны 03 сарын эхээр шүүхээс мэдэгдэл хүлээн авсан. Эрүүгийн хэргийн шүүх хуралд оролцох болсон тул 5 хоногийн дараа ирж хэрэгтэйгээ танилцана уу гэсний дагуу хавтаст хэрэгтэй танилцаад, товлосон өдөр шүүх хуралд оролцсон. Тухайн хэрэг бол 5 хүүхэд холбогдсон хулгай, дээрмийн хэрэг байсан. Би шүүх хурал эхлэхэд иргэдийн төлөөлөгчийн тангарагаа өргөсөн. Хэргийн зарим шүүгдэгчдийн өмгөөлөгч ирээгүй тул шүүх хурал хойшилсон.Би өмнө нь 1970, 80-аад онд шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан л даа. Одоо шүүн таслах ажиллагаанд санал дүгнэлтээ хэлж, олон нийтийн хяналтыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог болсон нь үнэхээр шинэчлэл. Шүүхийн шинэтгэл эхлээд 2 жилийн хугацаа өнгөрч байхад хийж хэрэгжүүлж байгаа ажлууд нь иргэдэд мэдэгдэж байгаа нь ахиц дэвшил. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж иргэдийн шүүхэд итгэх итгэл доошилж, нэр хүнд нь сайнгүй байсан нь одоо цаг эргэх мэт сайжирч, наашилж байна гэж хэлсэн нь оносон дүгнэлт гэж би бодож байна. Энэ эрчээрээ 10 жил болоход шүүхийн байгууллага үнэхээр шинэчлэгдэж чадна гэсэн итгэл төрлөө.

 

- Орон нутгийн иргэдийн шүүхээс мэдээлэл авах эрх хэр хангагдаж байна гэж та үзэж байна вэ?

 

- Шүүхийг хэрхэн үнэлж, түүнээс ямар хэмжээнд, юу хүсч байгаа нь хүн хүний өөрсдийнх нь ухамсар, боловсролын асуудал. Шүүх нэг талд л шийдвэрээ гаргадаг. Гэм буруутай хэн ч байсан түүнийгээ шийтгүүлье, яллуулья гэж бодохгүй. Өөрийгөө өмгөөлөх, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх нь хуулиар ч нээлттэй. Хүн, хүн өөртөө таарсан,хийсэн хэргээ бараг цагаатгачих юмсан гэсэн горь тавьж л шүүхийн босго алхаж байгаа. Миний хувьд шүүх хуулийн дагуу л хэрэг маргааныг таслан шийдвэрлэдэг гэж хардаг. Манай Орхон аймгийн иргэд сэтгэл гонсойж, тэр бүр нэг их шүүхтэй заргалдаад гомдол тэмцэл тавиад яваад байх нь гайгүй.

 

- Иргэдийн төлөөлөгчийн сургалтанд суугаад зохих мэдлэгтэй болж чадсан уу? Сургалтанд цаашид анхаарах зүйл юу байна?

 

- Би одоо хаа ч явсан шүүх байтугай хууль гэхээр л чих сэртэсхийдэг болсон. Үнэхээр мэдээллээс хоцорвол шүүх хуралд ороод зөв, буруугаа ч ялгахаа болино. Энэ талаар мэдээллийг цаг тухай бүрт нь авч, хуулийн талын мэдлэгээ дээшлүүлэх нь иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон миний үүрэг гэж бодож байна. Би ГОК-т эксковаторын машинч хийж байсан хүн. Одоо тэтгэвэртээ сууж байгаа ч нийгмийн идэвхтэй зангаа гээгээгүй өдий хүрлээ. Хууль шүүхийн шинэтгэлд хуулиар хүлээсэн иргэний үүргийнхээ дагуу оролцоно гэсэн зүтгэл надад байна.

 

 

Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгч Ж.Эрдэнэбаяр:

 

 

- Та өмнө нь шүүхийн талаар хэр сонсож, ямар дүгнэлттэй байв?

 

- Өмнө нь шүүхээр үйлчлүүлж байгаагүй учраас төсөөлөл ч надад байгаагүй. Багийн ажилтан санал болгож, анкет бөглөж өгснөөр шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоноо мэдлээ. Нэг өдрийн сургалтанд хамрагдаж наад захын мэдлэг, мэдээлэлтэй болж амжсан. Мэдээж энэ богино хугацаанд шүүхийн байгууллагын талаар мэдэж авна гэж байхгүй. Би одоо ч шүүхээс тарааж өгсөн гарын авлагын хүрээнд судалж байгаа. Шүүх хуралд хараахан ороогүй байгаа. Сургалтаас харахад иргэдийн төлөөлөгчийн сургалтанд сууж байгаа хүмүүс ихэнх нь төр захиргааны байгууллагад ажиллаж байсан, мэдлэг боловсролтой хүмүүс харагдаж байсан. Хүний хувь заяаг шийдэх шүүн таслах ажиллагаанд оролцох учраас хуулиа уншиж судлахгүй бол болохгүй гэж бид хоорондоо ярилцаж суусан.

 

 

Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгч Г.Доньд:

 

- Өнөөдрийн сургалт таньд хэрэгтэй мэдээллийг өгч чадав уу?

 

- Иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалт бидэнд ач холбогдолтой байлгүй яахав. Өмнө нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дээр бас нэг сургалт болсон юм. Тэр сургалтаас шүүхийн талаархи анхан шатны, энэ сургалтаас бол нарийвчилсан мэдээллийг авч чадлаа.

 

- Та шүүхийг хэр мэдэх вэ? Шүүх хуралдаанд оролцож байсан уу?

 

- Шүүх хуралд орж байсан. Би байгууллага удирдаж байсан хүн. Хариуцагч, нэхэмжлэгчээр хэд хэдэн удаа шүүхээр орж байсан болохоор аль ч талаас нь шүүхийг гадарлана.

 

- Шүүх шинэчлэгдэж байгаа тухай та мэдэх үү? Мэдэж байгаа бол мэдээллийг хаанаас авч байна вэ?

 

- Иргэний хувьд шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг хэвлэлээр дамжуулан хангалттай авч байгаа.Цаашдаа ч авсаар байх болно. Монголд өрнөж байгаа шүүхийн шинэтгэлийн тухай мэдэлгүй яахав. Харин шүүхийн зохион байгуулалтын талаар ажиглалтын байр сууринаас чих тавьж байгаа.

 

Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгч Б.Нарангэрэл:

 

- Иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцоо шүүхэд 1990 оноос өмнө их идэвхтэй хэмжээнд,түүнээс хойш бол хэсэг сураг чимээгүй болсон юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Харин одооноос дахиж сэргээж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцоог өндөрт тавьж, хөндлөнгийн дүгнэлтийг нь сонсох хуулиар оноогдсон эрх үүргийг нь энэхүү сургалтаар зааж, сануулж өгч байгаад олзуурхаж байна. Яагаад гэвэл шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд иргэн хүний хувьд оролцож, гэм буруугаа шүүлгэж байгаа хүний гэмт хэрэг хийсэн үгүйг шударгаар тогтооход санал дүгнэлтээ хэлэх иргэдийн төлөөлөгчийн хувьд хуулиа сайн мэддэг байх хэрэгтэй. Энэ бол хариуцлага. Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхийн тулд иргэдийн төлөөлөгчдийн оролцоог улам дээшлүүлэх, тэднийг энэ мэтээр сургах хэрэгтэй гэж би үзэж байна. Хүний төлөө гэсэн сэтгэл шүүхэд ажиллаж байгаа хэнд ч байх ёстой. Би шүүх хуралд өмнө нь оролцож байгаагүй ч хуулийн холбогдолтой ажил эрхэлж байсан. Хүний амьдрал янз бүр. Шүүхэд үнэхээр хэрэг хийгээд шүүлгэх гэж байгаа хүмүүс ч ирнэ, хийгээгүй хэргийнхээ төлөө сэжиглэгдэж яллагдах гэж байгаа хүмүүс ч бий. Тиймээс үүний мэргэн ончийг олно гэдэг шүүгчийн мэдлэг чадвар, иргэдийн төлөөлөгчийн хариуцлага, ухамсар, ёс зүйгээс хамаарна. Иргэдийн төлөөлөгчдийг цаашдаа өнөөдрийнх шиг сургалтаар тасралтгүй чанартай сургаж байгаасай гэж хүсч байна.

 

 

Эх сурвалж: "Ардчилал" сонин

Ш.Отгонцэцэг


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 1488   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930