Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ням Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяаныхаа амралтад гарч байгаа тул хүндэтгэл үзүүлэх "Хүндэтгэлийн шүүх хуралдаан”ёслолын ажиллагаа 2019оны 10 дугаар сарын 15-ны Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Завхан аймаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх, эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч нар тамгын газрын ажилтнууд, Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн төлөөлөл, Завхан аймаг дахь Прокурорын газрын хамт олон, Завхан аймаг дахь цагдаагийн газрын төлөөлөл, Шүүхийн шинжилгээний албаны төлөөлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага, ахмад ажилчдын төлөөлөл, өмгөөлөгч нар оролцож ерөнхий шүүгч Д.Нямд хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхий шүүгч Д.Ням нийт хуулийн байгууллагуудын төлөөлөл, хамт олондоо зориулж өөрийн дурсамж, сэтгэгдэл захиас үгийг хэлэхдээ: Манай хамт олны зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлэе. Би 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн шүүхийн босгыг анх алхаж байлаа. Тухайн үед хуульч мэргэжил эзэмшээд гэртээ хүүхдээ асраад байж байтал тухайн үеийн шүүхийн дарга ирж уулз гэсэн дуудлага өгөөд ирж байсан. Түүнээс хойш энэ байгууллагатай 34 жил амьдралаа холбосон талаараа өгүүлээд, шүүгч хэмээх хүндтэй бөгөөд хүнд хэцүү ажил албыг хашиж та бүхнийхээ дэмээр өдий зэрэгтэй ажиллалаа хэмээн онцоллоо.
Тэрээр хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож буй хүмүүст хандан өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө төлөө сурч боловсрохыг захиад шүүх хэмээх өндөр босготой байгууллагын нэр хүндийг хайрлан хамгаалж явахыг захиад нийт хамт олондоо эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг