Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-05-2017, 20:02   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Л.ТУНГАЛАГ: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИАР ЗАХИРГАА ИРГЭНДЭЭ ОЙРТОХ, ИРГЭДЭЭ СОНСОХ НӨХЦӨЛ ИЛҮҮ БҮРДСЭН

http://montsame.mn
 
Зураг
Завхан/МОНЦАМЭ/. Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хуулийн талаарх дэлгэрэнгүй ойлголт, Завхан аймагт шийдвэрлэгдэж байгаа захиргааны хэргийн талаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалагтай уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу. Танд өдрийн мэнд хүргэе. Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ хуулийн зорилго, үр нөлөө ач холбогдлын талаар та иргэдэд ойлгомжтой тайлбарлахгүй юу?
-Захиргааны ерөнхий хууль зөвхөн төр, захиргааны байгууллага, албан тушаалтанд хамааралтай хууль бус харин ч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд өргөдөл, хүсэлтийг ямар хугацаанд, ямар журмаар, хэрхэн гаргаж, шийдвэрлүүлэх, тийнхүү шийдвэр гаргахад иргэд, олон нийтийн  оролцоог хэрхэн хангах, шийдвэрээ яаж мэдэгдэх зэрэг төрөөс иргэнтэй харилцах харилцааг зохицуулсан, иргэн захиргаа хоёрын аль алинд нь ээлтэй, хамааралтай хууль. Өөрөөр хэлбэл иргэн, төр хоёрын өдөр тутмын харилцааг зохицуулсан хууль юм. Энэ хууль батлагдахаас өмнө захиргааны шийдвэр гаргах ажиллагаа тухайн салбарын эрх зүйн хуулиудаар зохицуулагдаж ирсэн байгаа. Тэдгээр хуулиудад төрийн байгууллага, албан тушаалтанд дандаа эрх олгосон, иргэдэд ерөнхийдөө үүрэг болгосон зохицуулалтууд их байсан төдийгүй шийдвэр гаргах үйл явцыг янз бүрээр ялгаатай байдлаар зохицуулж ирсэн. Харин одоо Захиргааны ерөнхий хууль төрийн байгууллага, албан тушаалтны иргэдтэй харилцах харилцааг журамлаж, албан тушаалтныг үүрэгжүүлж, иргэдэд эрх олгосон байгаа. Энэ утгаараа төрийн байгууллага албан тушаалтанд  илүү халгаатай мэт санагдах боловч нөгөө талаасаа захиргаа иргэдтэй харилцахдаа ямар стандарт баримтлах ёстой вэ гэдгийг хуульчилснаар албан тушаалтан бүрэн эрхээ яаж хэрэгжүүлэх нь тодорхой болж, шийдвэр гаргах ажиллагаа нь ойлгомжтой, шударга, ил тод байх нөхцөл хангагдсан.
-Иргэдэд ээлтэй хууль гэж ойлгож болох уу?
-Болно. Иргэд олон нийт үүнийг л хүсдэг. Тиймээс дээрх нөхцөл Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтаар хангагдсанаар захиргааны шийдвэр үйл ажиллагаа тогтвортой байх, цаашлаад төрийн албаны үйл ажиллагаа доголдохгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй байх зэргээр хууль дээдлэх зарчим хангагдах юм. Ер нь энэ хуулийн эерэг үр нөлөө,  ач холбогдол маш өндөр. Хуулийн эрэмбэ, хүчин чадлын тухайд Үндсэн хуулийн дараа орох Эрүүгийн хууль, Иргэний хуультай эн зэрэгцүйх хууль болсон.
-Энэ хуулинд орсон иргэдийн мэдэж байвал зохих шинэлэг, ойлголтуудаас та тодруулахгүй юу?
-Олон шинэлэг ойлголтууд орсон байгаа. Тухайлбал шийдвэр гаргах ажиллагаанд уг шийдвэр чиглэгдэж буй этгээдийг /иргэн, олон нийтийг/ заавал сонсох, эсхүл тэднийг сонсохгүй байх тохиолдлуудыг зааж өгсөн. Ингэснээрээ иргэн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй, эсхүл гарцаагүй хөндөгдөхөөр шийдвэр гарах гэж буйг урьдчилан мэдэх, өөрийн зүгээс тайлбар гаргах, дуу хоолойгоо хүргэх, тайлбарынхаа үндэслэл болсон  баримтуудыг гаргаж өгөх боломжоор хангагдаж байгаа. Ингэж иргэнийг сонссоноор захиргааны шийдвэр зөв, үндэслэлтэй байх нөхцөл ч бас бүрдэж байна.
-Иргэдийг сонсох ажиллагаа хийгдсэнээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нүсэр бөгөөд удаашралтай болох сөрөг тал бий юу?
-Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа хөнгөн, шуурхай байх нь зүйтэй боловч хамгийн гол нь гарч буй шийдвэр нь хуульд нийцсэн, иргэд олон нийтийн санаа бодолд үндэслэсэн байх нь шуурхай байхаас ч чухал. Яагаад гэхээр иргэдийн санаа бодолд тулгуурласан шийдвэр хүлээн зөвшөөрөгдөж, тогтвортой байх нь илүү байдаг. Ер нь ч захиргааны байгууллага иргэний оролцоогүй, өөрсдийн дур зоргоор, үзэмжээр асуудлыг шийдвэрлээд байвал ардчилсан, эрх зүйт төрийн  мөн чанар алдагдана.
-Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжиж эхэлснээс хойш захиргааны байгууллага, албан тушаалтнууд шийдвэр гаргахдаа дээрх хуульд заасан журмыг хэр мөрдөж байгаа бол. Шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийг хэр татан оролцуулж байгаа бол энэ талаар захиргааны хэрэг маргаан хянан шийдвэрлэдэг шүүгчийн хувьд танд ажиглагдсан зүйл байна уу?
-Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш, холбогдох яам, агентлагууд болон орон нутгийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгж, байгууллагууд, мэргэжилтнүүд тодорхой сургалтуудыг иргэд олон нийт болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудад нилээдгүй явуулж байгаа.
Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа хэргүүдээс харахад хариуцагч болох захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах ажиллагааг явуулаагүй, иргэн намайг сонсоогүй, шийдвэрээ танилцуулаагүй, мэдэгдээгүй гэх маргаан гарч байгаа. Захиргааны байгууллага, албан тушаалтнууд тухайн шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбоотойгоор хийгдсэн бүхий л баримтуудыг тухайлбал, иргэнийг дуудсан, сонссон, тайлбарыг нь авсан, бусад цуглуулсан нотлох баримтуудыг болон шийдвэрээ гардуулсан, танилцуулсан, мэдэгдсэн гэх зэрэг бүхий л баримтуудыг агуулсан хувийн хэргийг заавал хөтлөхөөр байгаа. Энэ талаар хуулийн 29 дүгээр зүйлд зохицуулсан байгаа. Тэгэхээр шийдвэрийн хувийн хэргийг төдийлөн зохих ёсоор бүрдүүлэхгүй, шийдвэр чиглэгдэж буй болон уг шийдвэрт хамааралтай бусад этгээдүүдийг сонсох ажиллагааг хийхгүй байгаа тохиолдлууд байсаар байна. Харин 2017 он гарсаар захиргааны байгууллага, албан тушаалтнууд сонсох ажиллагааг хийх, шийдвэрийн хувийн хэрэг хөтлөж буй дүр зураг харагдаж эхэлсэн байгаа.
-Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх он гарсаар хэчнээн захиргааны хэрэг хянан шийдвэрлээд байна вэ?
-Оны эхний таван сарын байдлаар захиргааны байгууллага, албан тушаалтанд холбогдох 32 хэрэг хянан шийдвэрлэгдээд байна. Одоо ажиллагаанд 23 хэрэг шалгагдаж байна. Ер нь захиргааны хэрэг энэ онд маш олон шийдвэрлэгдээд байгаа. Энэ нь 2016 онд Орон нутгийн сонгууль явагдсантай холбоотой юм. Ер нь жилдээ шийдвэрлэгдэж байгаа хэргийн 70 орчим хувьд нэхэмжлэл бүрэн хангагддаг. Энэ нь юуг харуулж байна вэ гэхлээр. Захиргаа шийдвэр гаргахдаа хууль зөрчсөөр байгааг харуулж байна.
 
Б.Мягмарсүрэн
Эх сурвалж: http://montsame.mn
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 894   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031