Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймаг дахь шүүхүүд, түүний тамгын газарт ажиллалаа.
Ажлын хэсэг тамгын газрын үйл ажиллагаа болон шүүгч, ажилтны ажлын байрны ажиллах орчин нөхцөл, өрөө тасалгааны хүртээмж, шүүхийн байртай нэг бүрчлэн танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, ШЕЗ-ээс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Мөн тус ажлын хэсгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хороод, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, хуульд заасан 5 чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон шинээр батлагдсан журмуудын онцлох зохицуулалт, уялдаа холбоо, цаашид батлагдах бодлогын баримт бичгийг батлуулах ажлыг эхлүүлсэн, ямар шатандаа явагдаж байгаа, томилогдсоноос хойших 4 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар танилцуулж, тус тамгын газраас шийдвэрлүүлэхээр тавьсан асуудлуудыг судалж ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд шүүгч, ажилтнууд сонирхсон асуудлаар ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авах замаар харилцан санал солилцож, ажлын хэсгийнхэнд ажлын амжилт хүсэж талархал илэрхийллээ.